
Энержи Ресурс компани нь Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг дахь Ухаа Худаг коксжих нүүрсний ордод үйл ажиллагаа явуулдаг бөгөөд 2962 га талбай бүхий, 11952А ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшдэг. Бид Монгол Улсын хөгжил, дэвшил, үйлдвэржилт, шинэчлэлд өөрсдийн бодитой хувь нэмрийг оруулах, сайн чанарын коксжих нүүрс, нүүрсэн бүтээгдэхүүнээр олон улсын зах зээлд өрсөлдөх эрхэм зорилготойгоор ажиллаж байна. “Монгол”-оор овоглосон тэргүүлэгч зэргийн коксжих нүүрсний брэндийг бий болгож, бүс нутгийн төдийгүй дэлхийн зах зээлд таниулах зорилтын хүрээнд бид үйл ажиллагааныхаа үе шат бүхэнд олон улсын стандартыг мөрдлөг болгодог. Уул уурхайн салбарын дотоодын болон олон улсын зах зээлийн шилдэг туршлага дээр үндэслэсэн, ордын геологийн тогтоц, тааламжтай нөхцөл байдлыг харгалзсан зэрэг нь Ухаа Худаг төслийг богино хугацаанд дэлхийн жишигт нийцсэн уурхай болон хувирахад томоохон түлхэц үзүүлсэн.
Энержи Ресурс компанийг М-Си-Эс групп, Петровис ХХК, Шунхлай групп зэрэг дотоодын зах зээлд танигдсан, үндэсний хэмжээний томоохон компаниудын хамтын хөрөнгө оруулалттайгаар байгуулсан бөгөөд дэлхийн 61 оронд үйл ажиллагаа явуулдаг олон улсын санхүүгийн байгууллага болох Европын Сэргээн Босголт Хөгжлийн Банк 2009 онд тус компанийн хувь нийлүүлэгчдийн нэг болсон.
Уурхайн үндсэн үйл ажиллагаа болох нүүрс олборлолт, хөрс хуулалт болон мэргэжлийн ажилчдын сургалт, дадлагажуулалт зэрэг чиглэлүүдэд компани Австралийн дэлхийд алдартай Лейтон Ази компанийг гүйцэтгэгчээр ажиллуулж байгаа бол нүүрс баяжуулах үйлдвэрийг шинээр барьж байгуулах ажилд боловсруулах үйлдвэрлэлийн технологи, дизайн болон менежментийн чиглэлд дэлхийд тэргүүлэгч, Австралийн Сежмен компанитай хамтарч байна. Энержи Ресурс компани хэмжигдэхүйц, бодитой бөгөөд ухаалаг бизнесийн загварт үндэслэн Ухаа Худаг уурхайг хөгжүүлж байгаа бөгөөд нүүрс баяжуулах үйлдвэр, 18 мегаваттын цахилгаан станц, авто зам, усан хангамж гээд дэд бүтцийн холбогдох чиглэлүүдэд олон чухал төсөл хэрэгжүүлж, Ухаа Худагийн хөндийд их бүтээн байгуулалтыг өрнүүлж байна.
Төсөл урагш ахихын хэрээр орд газрын геологийн загварчлалыг сайжруулахын хажуугаар олборлолтын дэвшилтэт шинэ арга технологиудыг нэвтрүүлэн, бүтээмжийг тасралтгүй сайжруулах зорилт тавин ажиллаж байна. Тэрчлэн нийгмийн хариуцлага, байгаль орчны хамгаалалт, нөхөн сэргээлтийн бодлого болон орон нутгийн тогтвортой хөгжилд оруулах бидний хувь нэмэр Энержи Ресурс компанийн урт хугацааны хөгжлийн төлөвлөгөөний салшгүй хэсгийг бүрдүүлж байдаг.

Ухаа Худаг орд газрын байршил:
- Өмнөговь аймгийн Цогтцэций сумын төвөөс 8 км
- Аймгийн нийслэл Даланзадгад хотоос зүүн тийш 90 км
- УБ хотоос өмнө зүгт 540 км
- Монгол – Хятадын хилээс 245 км
- Оюутолгой зэс – алтны ордоос 150 км
